Сая сая жуулчин хүлээн авах бидний мѳрѳѳдѳл

Сая сая жуулчин хүлээн авах бидний мѳрѳѳдѳл

“Алсын хараа 2050” тѳсѳлд нэмэрлэх санал -2

Монголд жилдээ сая орчим жуулчин хүлээн авах талаар ярьж эхэллээ. Сайхан санаа тѳдийгүй эдийн засгийн том боломж. Гэхдээ:

-Сая жуулчид Монголд ирэх тээврийн хүчин чадал ямар байгаа вэ?
-Сая жуулчид бие засах газар хаана байна вэ?
-Сая жуулчид хогоо хаях хогийн сав байгаа юу?

Гэсэн энгийн асуултуудад хариу олох хэрэгтэй. Энэ бол аялал жуулчлалын наад захын стандарт. Дэлхийн олон улс орнуудаас ирэх жуулчдад бид олон улсын стандартын дагуу үйлчлэх ёстой. Бид баг болж, ѳнгѳрсѳн онд АНУ ын дэлхийд алдартай “Yosemite”, “Grand Canyon”, “Yellow Stone”, “Mount Rushmore”, “Grazy horse”, “ Arches Park”, “Zion” зэрэг аялал жуулчлалын Үндэсний Паркуудаар явж “Америкаар 10 000 бээр” нэртэй 8 дугаар нэвтрүүлэгийг МҮОНТВ тэй хамтран бэлтгэсэн юм. Бид энэ нэвтрүүлгээрээ:

1. Aялал жуулчлалын үйлчилгээний стандартууд \бие засах газрууд, хогийн сав, хоолны газар, бэлэг дурсгалын дэлгүүрүүд\
2. Аялал жуулчлалаар хэрхэн боловсрол олгодог талаар \мэдээллийн тѳв, сургалтын газар, үзэх газруудын тайлбар самбрууд\
3. Аялагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар \анхааруулга, зам, хашлага, шат гишгүүрүүд гэх мэт\
4. Байгаль орчноо ан амьтадтай нь хэрхэн зохицолдуулан хамгаалж буй талаар
5. Аялал жуулчлалын менежмэнт болон санхүүжилт

Зэрэг асуудлуудыг хѳндѳж үзүүлэхийг зорьсон. Улсын, мужийн, орон нутгийн гэсэн ангиллаар хариуцлагын хэм хэмжээг тогтоосон аялал жуулчлалын паркуудад жилдээ хэдэн зуун сая жуулчид аялж, эх орноороо бахархах бахархал хийгээд байгаль экологийн талаар их мэдлэгийг олж ухаарлаа тэлж байдаг аж.

*ЖУУЛЧИД ЯАГААД МОНГОЛЫГ ЗОРЬДОГ ВЭ?

Ниагарын сүрлэг хүрхрээг үзсэн хүмүүс Улаанцутгаланг үзэх гэж сонирхохгүй, дэлхийн алдартай цѳлийг үзсэн хүмүүс манай говийг үзээд дуу алдахгүй, Yosemite ийн ѳндѳр хавцлуудыг үзсэн хүмүүс манай уулсыг үзээд шагшихгүй. Гадаадын жуулчдыг Монгол руу татаж байгаа 3 шалтгаан бий.

1. Монголын түүх
2. Нүүдэлчин амьдралын хэв маяг, зан заншил, соёл урлаг
3. Органик хоол хүнс

Ихэнхи гадаад хүмүүс онгон дагшин байгальдаа зохицож нүүдэллэн амьдардаг монголчуудын адал явдалт гэмээр амьдрал, хэрэглэдэг хоол хүнс, зан заншил, урлаг соёл дунд уусч амрахыг хүсдэг аж. Тийм болохоор нүүдэлчин амьдралын хэв маягаа мал аж ахуйн уламжлалт арга ухаантай зѳв хослуулбал илүү үр дүнтэй болох байх. Нэгэн цагт дэлхий дахиныг байлдан дагуулж, захиран тохинуулж асан монголчуудын түүх, жуулчдыг ирүүлэх нэгэн шалтгаан мѳн. Хэнтий аймгийн нутагт байгуулагдан эхэлж буй “Түүхэн аялал жуулчлал”-ын тѳслүүд үүний эхлэл. Аажим аажимдаа энэ тѳслүүд Монголын бусад нутгуудыг хамарч хѳгжих нь аялал жуулчлалын дэлхийн хэмжээний томоохон тѳв болох боломжийг бүрдүүлэх тѳдийгүй эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд сайнаар нѳлѳѳлнѳ.

*БИД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

1. Аялал жуулчлалын Монголын стандартаа олон улсын стандартад таацуулан дахин шинэчилж, түүнийгээ хэрэгжүүлэхэд бодитой анхаарах хэрэгтэй болж байна
2. Аль нэгэн байгалийн үзэсгэлэнт газарт олон улсын стандартын шаардлага хангасан “Үндэсний Парк” байгуулж, энэ загвараа бусад орон нутгуудад дэлгэрүүлэх \энэ чиглэлээр бид загвар тѳсѳл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа болно\
3. Гадаадаас жуулчин авдаг болон гадагшаа жуулчин явуулдаг мэргэжлийн байгууллагууд ѳѳр хоорондоо нэгдэж хамтран ажиллах нь жижиг зах зээл дээр хамтдаа амжилт олох боломж мѳн
4. Орон нутгийн аялал жуулчлалыг хѳгжүүлэхэд авто замын сүлжээ, замын тэмдэг тэмдэглэгээ, амрах болон бие засах газруудыг стандартын дагуу бодлогоор хѳгжүүлэх шаардлагатай болж байна
5. Ѳнѳѳг хүртэл анхаарч байгаагүй “Аялагчдын аюулгүй байдлыг хангах” стандарт шаардлагад сайтар анхаарах хэрэгтэй болж байна
6. Аялал жуулчлалаар иргэд болон хүүхэд залууст сайн боловсрол олгох нь тэднийг эх орноороо бахархаж, хайрлан хамгаалахад сургах болно
7. Гадаадад олноор аялж буй болон Монголынхоо хѳдѳѳ орон нутгаар аялж буй монголчуудаа АЯЛАХ СОЁЛ д сурган, хѳгжүүлэхэд анхаарах хэрэгтэй болж байна

…Сая сая жуулчдыг Монголдоо ирүүлэх мѳрѳѳдѳл нь хийсвэр зүйл биш, бодит боломж мѳн. Байгалын үзэсгэлэнт газар хэдэн гэр барьчихаад жуулчдаас ахиухан мѳнгѳ салгах шуналаасаа татгалзах хэрэгтэй байна. Орон нутагтаа аялж явахдаа архидан согтуурснаасаа болж гол усанд унан амь насаа алдах, санамсар болгоомжгүйгээсээ болж гал түймэр алдах, хурд хэтрүүлж давхиснаасаа болж онхолдон амь насаа алдах, хоносон газраа хог ялгадсаа тарааж байгаль орчныг бохирдуулах, дуртай газраа мод хугалж гал түлэх зэрэг хэнэггүй, хайхрамжгүй үйлдлүүдээсээ салмаар байна шүү дээ. Монгол бол үе уламжилж ирсэн бидний л эх орон. Хувь заяагаар эзэн болсон бид, хойч үедээ бохирдсон газар шороо, сүйдсэн байгаль, баялаггүй овоолго үлдээх эрхгүй шүү дээ. ИХ АЯЛСАН ХҮН ЭНЭ АГУУ, СҮРЛЭГ БАЙГАЛЬ ДЭЛХИЙН ѲМНѲ ѲЧҮҮХЭН ГЭДГЭЭ МЭДЭРДЭГ. Ѳдийг хүртэл тусгаар оршиж ирсэн энэ Монгол нутаг газар шороон дээр амьдарч байгаа нь бидний аугаа их хувь заяа.

Сэтгэгдэлийг ... Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-03-05 Улаанбаатар хот /Сэтгэгдлийн эх сурвалж/ 

 

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again