Чулуут голын тухай

Чулуут голын тухай

Чулуутын гол нь Архангай аймгийн Тариат сумаас 30км-ийн зайнд Цэцэрлэгээс Тэрхийн цагаан нуур орох замд байрладаг бөгөөд 25км үргэлжлэх эгц гүнзгий 20 метр өндөр хүрмэн чулуун хавцал юм. Хавцал дундуур урсах Чулуут голын урт 415 км, хангайн нурууны эгийн даваанаас эх авч хойш урсаад Идэр, Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авч урсдаг учраас унал их, урсгал хурдтай уулын гол юм. Хавцал нь ойролцоогоор 9 давхар байртай тэнцэх хэмжээний эгц босоо, урсгал нь эхэн хэсэгтээ дөлгөөн тайван урслаг бөгөөд хавцалдаа хүрмэгц ёстой л чулуу урсгаж буй мэт харагдана. Энэ нь яг л чулуу урсгах мэт ширүүн урсгалтай. Чулуутын голын хажууханд зуун салаа мод, Суман голтой нийлэх хэсэгт Чойдогын боргиог дурьдахгүй байхын аргагүй .Чулуут голын хавцал дээрээс тул загас нь харагдана.Чулуут голын хавцалд гидрокарбонат, сульфат, натрийн найрлагатай сайн рашаан булгууд болон шинэ чулуун зэвсэг болон хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг элбэг байдаг. Тэдгээр сүг зурагт төрж буй 6 эмэгтэй хүнийг дүрсэлснээс гадна нум сум харваж буй хүн, сүрэг буга, янгир, гараа өргөн зогсож буй хүн, үхэрүүд, аргаль угалз, эрэгтэй хүмүүсийг хажуу талаас нь харуулсан байдалтайгаар, багтай хүн гэх мэт сонин дүрслэлүүд байдаг. Эдгээр дурсгалыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.

Домог: Эрт дээр үед эзэн Чингис хаан их цэргийнхээ хамт нэгэн том голд боогдон саатаж гэнэ. Голын захад байгаа, холоос харахад сарлаг, хайнагийн сүрэг бэлчээрлэж яваа мэт гоёмсог сайхан харагдах ургаа хар чулуунууд дээр Чингисийн цэргүүд хүн, мал, ан амьтан, тэрэг хөсөг, нум сумны дүрсийг товойлгон сийлж үлдээжээ. Тэр эртийн цагаас булан тохойдоо сийлбэртэй чулуу бүхий тэр голыг Чулуут гол гэж нэрлэдэг болсон гэнэ ээ. Энэ гол Архангай аймгийн Жаргалант сумын нутгаар дайран урсдаг.


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again