Аялал жуулчлалын байгууллагууд маань чадах ядахаараа гарцууд хайж, бүтээлч ажлууд хийж байна

Аялал жуулчлалын байгууллагууд маань чадах ядахаараа гарцууд хайж, бүтээлч ажлууд хийж байна

УБАЖХ-ны Гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв

      Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд “Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо”-ны зүгээс хэд хэдэн арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Холбооны үйл ажиллагаа болон хийж буй ажлуудын талаар товч танилцуулна уу.

 

Манай холбооны хувьд 2015 онд байгуулагдсан. Одоо байдаг холбоодтойгоо өрсөлдөх биш тухайн үед сул орхигдсон байсан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлье, олон түмэнд ач холбогдлыг нь таниулъя, энэ талаар төр засгийн бодлогод тусгуулъя гэсэн бодлоор салбартаа 20 гаруй жил ажилласан залуус нийлээд байгуулсан юм. Нийтэд ил хийдэг гол ажил гэвэл жилд тогтмол зохиогддог “Улаанбаатар Травэл Экспо” аялал жуулчлалын үзэсгэлэн болно. Монгол аялагчдаа аяллаа төлөвлөдөг, мэргэжлийн байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ шууд худалдан авдаг болгоход туслах гол зорилготой. Хажуугаар нь зөвлөх үйлчилгээнүүд хийдэг. Тухайлбал аймгуудын аялал жуулчлалын дэд хөтөлбөрүүд (мастер план гэдэг), байгаль, соёлын өвийн дурсгалт газруудын соёлын өвийн менежментийн хөтөлбөрүүд, ТХГН-ын аялал жуулчлалын менежментийн сургалт, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сургалтууд хийхэд голлож оролцдог.  

 

2020 онд COVID-19 цар тахал гарснаар бүх төрлийн бизнест тэр дундаа аялал жуулчлалын салбарт хатуухан цохилт болж байна. Одоо байдал ямархуу байгаа вэ?

 

Ёстой яах аргагүй юм болж байна. Аялал жуулчлалын байгууллагууд чадах ядахаараа гарцууд хайж, бүтээлч ажлууд хийж байна. Монголчууддаа зориулсан төрөл бүрийн сонирхолтой багц аяллууд гаргаж байна. Цаашид зөвхөн энэ жил гэлтгүй жил бүр монгол аялагчиддаа зориулсан бүтээлч аяллууд зохиодог болоосой, иргэд эртнээс сонголтоо хийж, гол нь төлөвлөж аялдаг болоосой гэж хүсдэг.

 

Энэ COVID-19 үеэр дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжинө гэж яригдаж байгаа төдийгүй ихэнх инбаунд тур оператор бусад үйлчилгээний байгууллагууд дотоодын аялал жуулчлал хийж эхэллээ. Тэр бүх байгууллагуудад хэр их боломж, ирээдүй байна вэ? Дотоодын аялал жуулчлал зах зээл хангалттай юу?

 

Дэлхийн дийлэнх улс оронд дотоодын аялал жуулчлал нь суурь нь байдаг юм билээ. Манайд социализмын үед зөвхөн гаднынханд үйлчилдэг “долларын дэлгүүр” байдаг, бас зөвхөн гаднынхан аялдаг “Жуулчин” компани байсан зэргээс болсон уу жуулчин гэхээр зөвхөн гаднынхнаар төсөөлдөг ойлголт их удаан оршсон юм болов уу гэж боддог. Гэтэл сүүлийн үед иргэдийн боломж сайжирсанаар сайн аялдаг болсон. Бүр гаднынхнаас илүү. Тэгэхээр одоо бол байдал өөр. Айл бүр төлөвлөгөө гаргаад Монголоороо аялдаг болсон. Жилд ядаж 1-2 удаа салхинд гарч байна. Тоон хэлбэрээр нэг жишээ дурдахад. Тэгэхээр дотоодын аялал жуулчлал гэдэг бол том дэд салбар мөн гэж боддог.  

         Энэ үед дотоодын аялал жуулчлал хийхээр орж буй инбаунд болон

         аутбаунд компаниудад юу гэж зөвлөх вэ?


Энэ жил дотоодын аялал жуулчлал руу харьцангуй олон тур оператор компаниуд орж байна. Нэг дор ойролцоо олон хөтөлбөрүүд давхцаж магадгүй учир өвөрмөц багц аяллууд зохиож, гаргахад анхаарах нь оновчтой болж ирнэ. Хоёрт, энэ жил иргэдийн өрхийн орлого бас буурсан байх судалгаа гарч байгаа тул өндөр үнэтэй зарахаас илүү аль болох олон иргэдийг хамруулж, төлөвлөж аялахын амтанд оруулах нь илүү чухал болов уу. Үүний тулд аяллын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд өөр хоорондоо боломжит хэлбэрээр хамтран ажиллаж, өртгөө хамтран бууруулах чиглэлээр ажиллавал илүү үр дүнтэй. Эцэст нь аливаа шинэ аялал зарахад хугацаа ордог учир аль болох тогтвортой хугацаанд бүтээгдэхүүнээ сурталчилсан байгууллагууд хожих болов уу.

 

Монголчууд, дотоодын аялагч жуулчдын зан төлөв ямар онцлогтой байдаг вэ?

 

Сонирхолтой асуулт. Монголчууд ясны аялагчид гэдэг нь харагддаг. Хаашаа ч, яаж хийгээд очиж чаддаг. Юмхнаар юм хийгээд хоночихно, айлаар яваад хооллочихно. Гэвч сүүлийн үед аялал жуулчлал бол зөвхөн яаж хийгээд аялахын нэр биш байгаль, соёлын содон сонин газарт очиж, алжаал тайлж, амарч, энерги авч, эрүүл мэндээ сэргээж, үр хүүхдүүддээ мэдлэг өгч болдог юм байна гэдгийг илүү ухаарч эхэлж байна. Үнэндээ хүн аялал жуулчлал хийснээрээ амьдралын нэг хэвийн хэмнэлээсээ гарна, байгалийн сайханд сэтгэл сэргэнэ, нэг хэвийн харилцаанаасаа гарна, шинэ юм сурж мэднэ, үр хүүхдээ сургана, гэр бүлдээ цаг гаргана гээд олон чухал ач холбогдолтой байдгийг ухаарч эхэлж байна. 

 

Танай холбоо жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар Травэл Экспо” үзэсгэлэнгээ анх удаа “ЦАХИМ БИРЖ” хэлбэрээр онлайнаар зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ талаар тодруулна уу.

 

Уг нь олон жилийн хамтын ажиллагааны үр шимээр Мишээл Экспо ОУ-ын худалдааны төвд 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байсан юм. Их л олон жилийн чармайлт. Харамсалтай нь Ковид-19-ээс болж биет хэлбэрээр чадахгүй болох нь. Иймд нэгд уламжлалаа хадгалж, хоёрт дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд олноороо гарч буйг үнэ төлбөргүйгээр аялагчдад сурталчлах зорилгоор “цахим бирж” хэлбэрээр зохион байгуулж, хүргэхээр болсон. Бирж гэхээр жаахан харь сонсогдож магадгүй. Манай цахим биржид зочилсноор Амазон, Алибаба-гээс бараа бүтээгдэхүүнээ авдаг шиг аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Гадаадад бол байдаг, хэвийн нь л зүйл юм. Манайд л жаахан шинэлэг болохоор асууж, лавлаж байна.   

 

Байгууллагууд мэдээллээ байршуулснаар ямар давуу талтай вэ?

 

Энэ жил онцлог жил болж байна. Нэг талаас аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудад маш том нийлүүлэлтийн боломж, орон зай, бараг хэрэгцээ үүссэн. Нөгөө талаар, монгол аялагчдад мэргэжлийн байгууллагуудаар хямд төсөр аялах боломж бүрдсэн. Иймд энэ уулзварыг цахим бирж дээрээ үүсгэхийг бид зорьсон. Цахим бирж дээр байрлах бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхэн 10-30% хувийн бодит хямдралтай. Иргэд ямар нэг хураамж төлөлгүйгээр шууд холбогдоод, аяллаа баталгаажуулж, бүртгүүлэх боломжтой.

 

Үзэсгэлэнд ямар үнэ төлбөргүй орно гэж байна. Тэгэхээр эдийн засаг хэцүү энэ үед ард иргэд болон оролцогч байгууллагуудад их дэм болж байгаа гэж харагдаж байна.

 

Ер нь бол бид энэ удаагийн үзэсгэлэнгээ аль болохоор хоёр талд боломж бүрдүүлэхийг хүссэн. Нэг талаас аялал жуулчлалын байгууллагууд мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үнэ төлбөргүйгээр байрлуулна. Ганцхан шалгуурыг хангасан байх ёстой. Тэр нь санал болгох бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дээрээ 10-30%-ийн бодит хямдрал үзүүлсэн байна. Иргэд нөгөө талаасаа зөвхөн энэ гурван хоногийн дотор бодит бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс 10-30% хямдруулж авах боломжтой байна. Давхар онлайн хэлэлцүүлэг, аялахад хэрэгтэй мэдээллүүд байрлуулахаар ажиллаж байна. 

 

Үзэсгэлэнд оролцогчид болон иргэдэд хүргэх гол агуулга нь юу вэ?

 

Бидний анхны мөрөөдөл бол мэргэжлийн аяллын байгууллагууд нь монголчууддаа таарсан хэр чинээний аяллын хөтөлбөрүүдийг санал болгодог байгаасай, монгол аялагчид маань олон сарын өмнөөс аяллаа төлөвлөж, аяллын байгууллагуудаас аяллуудаа захиалдаг байгаасай гэдэг зүйл юм. Энэ нь заавал аж ахуйн байгууллагуудыг дэмжих гээд байгаадаа биш. Мэргэжлийн байгууллагууд гол нь чанар, үйлчилгээг бүрдүүлдэг. Хоол унд, байр сав, унаанд санаа зовохгүй болсноор орчиндоо анхаарах цаг зав гарч ирнэ. Илүү их юм сурч, ойлгоно. Аяллын үр өгөөж огт өөр болно. Магадгүй Монгол орноо гадны жуулчны нүдээр харж, улам хүндэлж, биширнэ. Туршаад үзээрэй.

 

Аялал жуулчлалын талаар анхны цахим сэтгүүл гаргаад Мplus аппликейшн дээр байршуулах гэж байгаа юм байна. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Ямар агуулгатай, юугаараа онцлог сэтгүүл болох вэ?

 

Бид үзэсгэлэндээ зориулан “Аяллын хөтөч” сэтгүүлийг гаргадаг. Энэ удаа мөн л цаг үеийн нөхцөл байдал, онцлогоос шалтгаалан анх удаа цахим сэтгүүл гаргаж түүнийгээ залуучуудын хамгийн эрэлттэй байгаа Mplus аппликейшн дээр байршуулах гэж байна. Тус аппликейшн нь 230,000 таталттай, мэдээлэл илгээсэн үед өдөртөө дунджаар 17000-18000 хэрэглэгч нээж орж үздэг томоохон аппликейшний нэг төдийгүй залуучууд төдийгүй хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан Монгол дуу, подкаст, уншдаг, сонсдог ном, цахим сэтгүүлийг нэг дор багтааснаараа аялагчдын хамгийн чухал хэрэглээний аппликейшн юм. Ийм учраас бид сэтгүүлээ тус аппликейшн дээр байршуулаад аяллаа Mplus-тай цуг өнгөрүүлээрэй гэж уриалж байгаа. Сэтгүүлийн агуулгын хувьд цахим биржийн “ТӨЛӨВЛӨЕ, АЯЛЪЯ, СУРАЛЦЪЯ” хэмээх урианд нийцсэн агуулгатай бөгөөд дийлэнх нь залуу үеийн аяллын чиг хандлагад нийцүүлсэн нийтлэл, зөвлөгөө мөн аялагчдыг багц, найдвартай аяллыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхийн давуу тал, нэгэн өвөрмөц зочны ярилцлага гэх мэт олон сонирхолтой зүйлсийг багтааж байгаа.

 

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Эх орныхоо эд эс бүрийг нандигнан, түүхээ дээдлэн, хайрлаж аялаарай. 




Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again